Гадаа бүрхэг, бороотой. Яг л миний дуртай өдөр.

Гадаа бүрхэг, бороотой. Яг л миний дуртай өдөр. Гэхдээ зүгээр л би өөрийгөө дуртай гэж итгүүлдэг юм болов уу? Үнэн хэрэгтээ нартай өдрийг илүүд үздэг ч байж болох л юм. Хүмүүс дуртай, хайртай гэж боддог зүйлдээ яг чин сэтгэлээсээ хайртай байдаг уу? Эсвэл зүгээр л өөртөө тэгж итгүүлдэг ч юм бил үү? Заримдаа энэ л миний хүссэн зүйл гэж итгэж тэр хүслээ өөрийн болгоход яг үнэндээ тийм ч их, чин сэтгэлдээ хүссэн зүйл нь биш болж таарах үе байдаг шүү дээ. Бүх зүйл хоосноос хоосон бас утга учиргүй хийсвэр юм шиг санагдах үе олон ч богинохон хугацаатай энэ амьдралд ядаж л өөрөө дүүрэн байхыг хичээж явна даа. Амьдралаас утга учир хайгаад л байвал чи хэзээ ч амьдарч чадахгүй…
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөр Эрих Фромм “Хайрлах урлаг” номыг уншсан юм л даа. Хэдэн жилийн өмнө гүйлгэж хараад залхаад больж байсан ч энэ удаа заавал уншиж дуусгах хэрэгтэй юм шиг санагдсан болохоор л тэр. Уншиж дуусаад хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэл бусад хүмүүс ч бас уншаасай гэсэн бодол. Тийм болохоор өөрийнхөө ойлгож мэдэрсэн зүйлээсээ жаахан ч гэсэн хуваалцахыг хүслээ.

Юу ч мэдэхгүй хүн юуг ч хайрлахгүй
Юу ч хийж чадахгүй хүн юуг ч ойлгохгүй
Юуг ч ойлгохгүй хүн ямар ч үнэгүй
Гагцхүү ойлгож буй хүн л хайрлана, анзаарна бас харна
Тухайн зүйлд хэдий хэр танин мэдэхүй нуугдана вэ, төдий хэрээр хайр агуу байдаг…

Энэхүү номонд хайрлах гэдгийг нэгэн урлаг гэж авч үздэг. Бодоод үзье, бид ямар нэгэн хөгжим эсвэл спортоор хичээллэж, суралцаж эхлэхдээ анхныхаа оролдлогоор л бүгдийг нь сурдаггүй. Жишээ нь, Төгөлдөр хуур тоглож сурья гэвэл нотноос нь эхлээд л шат дараатайгаар суралцдаг. Чадварлаг сайн төгөлдөр хуур тоголдог болохын тулд цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулж, тэвчээр гаргах шаардлагатай. Хайр ч мөн ялгаагүй. “Хэрэв хайр урлаг бол тэр урлагийг эзэмшихийг хүссэн хэн бүхэн хайрын тухай мэдлэгийг эзэмшихийн зэрэгцээ хичээл зүтгэлээс хойш суух хэрэггүй”

Энэ номыг унших хүртлээ хайрыг би аз мэтээр л төсөөлдөг байлаа. Яг азтай нэгэн нь л кинон дээр гардаг шиг жинхэнэ хайртайгаа учирч аз жаргалтай амьдарч чадах юм шиг. Харин энэ номон дээр хайрыг тодорхойлохдоо “Хайр бол гэнэт дээрээс унаж ирдэг зүйл биш. Харин өөрөө өөртөө хөгжих хөгжлийн явц. Тиймээс хайр гэдэг идэвхтэй актив бөгөөд пассив аффект биш.” Ихэнх хүмүүс яг л надтай адилхан хайрыг гэнэт л тохиодог, тохиолдлын чанартай аз мэтээр боддог байх. Асар их итгэл найдвар, хүлээлтээр эхэлдэг атлаа үргэлж бүтэлгүйтдэг үйл явдал гэвэл хайр шүү дээ. Хүн бүр л хайраар дутагдаж, хайрыг хүсэмжилдэг атлаа үүнийхээ төлөө ямар нэгэн зүйл хийх нь үгүй. Яагаад гэвэл хүмүүс нэн түрүүнд хайрлуулах хэрэгцээгээ л хангахыг хүсэхээс биш бусдыг хайрлах, бусдад өгөх тухай боддоггүй. Хайрлаж сурахын тулд хүн өөрөө ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэж бодох нь тун цөөн. Гэтэл хайрын актив төрх байдлыг хамгийн түрүүнд өгөх буюу өглөг гэж тодорхойлдог болохоос хүлээн авах биш.

Хүний туйлын хэрэгцээ шаардлага бол тусгаарлагдмал байдлаа давж, ганцаардлаас ангижрах. Харин хайран дотор бид энэ хэрэгцээ шаардлагаа хангаж чаддаг. Хүн ерөөсөө бие биедээ юуг өгдөг вэ? Бид өөрөө өөрөөсөө өгдөг. Өөрийнхөө сонирхлоос, мэдлэг мэдрэмжээс, аз жаргалаас, сэтгэл гутрал мөн зовлон бэрхшээлээсээ бусдад өгдөг. Юу л байна, түүнийгээ өгнө. Бусдад өгснөөр бусдыг ч мөн адил өглөгч болгодог. Өгөхөөс гадна хайрын идэвхтэй шинж нь бусдыг халамжлах, хариуцлага хүлээх сэтгэл, хүлээн зөвшөөрөх мөн танин мэдэх байдаг. Миний хувьд хамгийн сэтгэлд үлдсэн нь бусдыг халамжлах сэтгэл. Хэрвээ хэн нэгэн цэцгэнд хайртай гэх атлаа цэцгээ услахгүй бол хэн түүний хайранд итгэх билээ? Үүнтэй адил хаана үйл хэргээр хэрэгжсэн халамж дутагдана, тэнд хайр гэж байхгүй… Бусдад анхаарал халамж тавьж, хайрлана гэдэг ямагт тэр хүнийхээ өсөлт хөгжил, аз жаргал, сайн сайхны төлөө байх ёстой. Өөртөө нийцүүлэхийг хичээж, ашиг сонжоо харна гэдэг хайр биш.

Номын 2 дахь хэсгээр хайрын обьектуудын тухай тайлбарладаг. Хайрыг бусдыг хайрлах хайр, эцэг эхийн хайр, эротик хайр (хосын хайр), өөрийгөө хайрлах хайр, бурханыг хайрлах хайр хэмээн ангилан авч үздэг.
Хайр гэдэг тодорхой ганц л хүнтэй холбогдсон холбоос огт биш. Тодруулбал, хайр цорын ганц тодорхой нэг обьектоор тодорхойлогдохгүй. Хэрвээ хэн нэгэн хүн ганцхан хүнд хайртай болж бусад хүмүүсийг үл ойшооно гэвэл энэ жинхэнэ хайр биш. Харин хэн нэг хүн үнэхээр хайртай болсон гэвэл тийм хүн бүх л хүмүүст хайртай, хорвоо ертөнцөд хайртай цаашлаад амьдралд хайртай гэсэн ойлголт. Хэн нэгэн залууг эсвэл эмэгтэйг хайрлавал цаашлаад гэр бүлийг нь мөн түүн дотор өөрөө өөрийгөө ч хайрлах болно.
Хайрын обьектуудаас өөрийгөө хайрлах хайрын талаар хуваалцвал, Хүмүүс өөрийгөө хайрлана гэдэг буруу муу зүйл мэтээр ойлгох нь бий. Өөрийгөө хайрлаад байвал бусдыг хайрлахгүй юм шиг л… Тиймээс өөрийгөө хайрлах хайр болон бусдыг хайрлах хайр хоёрын аль нэгийг сонгох ёстой гэж боддог. Гэтэл ийм ойлголт байхгүй. Хайр гэдэг хэсэгчлэн хувааж, ялгаварлах боломжгүй зүйл. Тиймээс бусдыг хайрлаж чаддаг хүн өөрийгөө бас хайрлаж чаддаг л байх ёстой.
Эцэст нь ямарваа нэгэн зүйлд суралцах үйл явц нь эхлээд онолын мэдлэг дараа нь практик байдаг. Хайрын практик нь сахилга бат, тэвчээр, төвлөрөл, чухалчлах. Хүн бүхэнд бусдыг хайрлах, хайрлуулах хэрэгцээ бий. Магадгүй утга учиргүй, хоосон мэт санагдах энэ амьдралын хамгийн том утга учир, үнэ цэн мөн аз жаргал нь хайр мөн. Тиймээс ийм үнэ цэнтэй зүйлийг зүгээр л тохиолдол, аз мэтээр харж суулгүй, хайрлах хайрлуулах урлагт суралцаж, хичээл зүтгэлээс бүү хойш суугаарай ❤️

Popular posts from this blog

3 дугаар сарын тэмдэглэл

“Хүн байх эрхгүй”

Уг нь тэмдэглэлийн дэвтэр миний сайн найз л даа