“Хүн байх эрхгүй”
Миний л мэдэрч байгаа мэдрэмжүүд ….
Мэдрэмжүүдээ алдчих юм шиг санагдаад, их л хайрлаад, гамнаад байх юм. Инээдтэй ч гэсэндээ надад нэг айдас байдаг юм. Үе үе хүчтэй гарч ирээд, хэдэн хоног нойргүй хөрвөөхөд хүргэдэг тийм айдас. Насанд хүрч амьдралтай нүүр тулах тусам хүмүүсийн (би өөрөө ч мөн багтана) худал хуурмаг, эмзэглэх ч үгүй нэгэндээ хэлдэг хоосон үгс, урвалт, шаналалыг ойроос харах боллоо. Хүн хайрлаж чадахгүй хоосон юм шиг. Яг л том болсны бонус мэт. Цаг хугацаа өнгөрөх тусам улам өвтгөмөөр, улам харгис болох юм шиг. Тэгээд энэ бүхний ард ч гэсэн “Би” би хэвээрээ үлдэж чадах болов уу гэсэн тэр айдас. Хэн нэгний хэлсэн жижигхэн үгэнд баярлаж, үнэн юм шиг итгэж, борооны сургаар яаран гүйж гардаг, хэний ч уйлахааргүй кино үзээд үнэн сэтгэлээсээ уйлж чаддаг тэр би…
“Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг байсан бол хүн болгон сууна даа” гэж дуулдгийг багадаа би ойлгодоггүй байлаа. Харин одоо бодогдож байна.
Хүүхэд насанд бид бүх зүйлийг байгаагаар нь мэдэрч чаддаг байжээ. Ямар ч айдас түгшүүр, болгоомж, бас шүүмжлэлгүйгээр…
Сул дорой ч юмуу, сэтгэлийн хат, тэнхээгүйдээ ч юмуу энэ мэдрэмжүүддээ би нандигнадаг юм аа! Тийм учраас мэдрэмжээ алдахаас бүр илүү айдаг. Энэ бүхнийг мэдрэхээ больчих юм бол яг л хоосон, хүйтэн энэ дэлхий шиг болчих юм шиг.
Дазай Осаму зохиолчийн “Хүн байх эрхгүй” номын хэсэгт “Би өнөөг хүртэл зовлон зүдгүүрийн тойрогт эргэлдсээр ирэхдээ “хүний” хорвоо дээрх цорын ганц үнэн гэж бодсон нь энэ. “Гагцхүү юм бүхэн улирч одно” Ямар ч хүнд хэцүү, урам зориг, итгэл найдвар хугарам зүйл тохиолдсон тэр бүхэн улирч одно.
Хүн давахгүй гэсэн давааныхаа ард гардаг л юм байна.
Угаас бид жишин зүйрлэх боломжгүй ганц л хувь амьдардаг тул, амьдралыг тулсан даруйд нь туулаад гарахаас өөр аргагүй.
Харин одоо миний сонголт. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргэнд суухыг мөрөөддөг том хүн болмооргүй байна. Харин энэ амьдралдаа тулсан даруйд нь туулаад гарсан бүхний ард, би би гээрээ үлдэх эр зоригтой нэгэн болох!
Илүү мэдэрч, илүү ойлгож, илүү хайрлахаас, хатууд идэгдэхээс айдаггүй байх тэр би байхыг хүслээ.
full-with