Бид ижилхэн биш ч эн тэнцүү
Бид ижилхэн биш ч эн тэнцүү
Бүтэнсайн өдөр болгон нэг влог бичиж байхаар төлөвлөсөн юм л даа. Ямар нэгэн чухал, хүнд хэрэгтэй зүйл бичихгүй байсан ч хамаагүй ээ. Зүгээр л дотор минь юу байна, жаахныг нь ч гэсэн уудалж гаргахыг л хүсч байна. Өөртөө зориулаад… Хэзээ сүүлд зөвхөн өөртөө зориулж, өөрийнхөө төлөө ямар нэгэн зүйл хийснээ мэдэхгүй юм. Амьдралын минь жижигхэн үйлдлүүд хүртэл бусдаас хамаарч, бусдад зориулагдаж байсан ч юм шиг.
Сүүлийн үед би том болж байгаагаа илүү хүчтэй мэдэрч байгаа. Илүү тунгааж, эргэцүүлээд л. Хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч бас уучилж сураад л. Би гэдэг хүн өөрийгөө бүтээсээр л явна даа. Ер нь хүмүүс өөрийгөө хайрлах талаар их ярьдаг штээ. Би ч гэсэн ялгаагүй л дээ. Өөртөө чухам хайртай л гэж бодож явлаа. Гэхдээ сүүлийн хугацаанд өөрийгөө ямар их шаналгаж, өвтгөсөн юм бэ дээ 😔
Бусдад зориулж, бусдад үнэлэгдэхийн төлөө биш харин өөртөө зориулж өөрийнхөө төлөө хичээж эхлэх тэр үед л жинхэнээсээ өөрийгөө хайрлаж эхэлдэг юм болов уу. Өөртөө зориулж хувцаслаж, өөртөө таалагдахын тулд илүү хичээж, бас өөрийнхөө төлөө бусдыг уучлах, хайрлах… Амархан биш ч гэлээ, бусдад зориулж амьдарснаас хамаагүй эрх чөлөөтэй.
Өнөөдөр автобусанд явж байхад нэг настай эгч, залуухан эгч хоёр хоорондоо зүгээр л автобусны суудалнаас болоод муудалцаж, бие биенээ үгийн муухайгаар харааж зүхэхийг сонсоод нэг л тавгүйрхээд явчихсан. Монголд иймэрхүү явдал түгээмэл ч гэсэндээ энэ удаагийнх надад үнэхээр муухай санагдсан. Хүмүүс яагаад бие биенээ тийм муухайгаар хэлж, гэмшихчгүй харааж зүхэж чаддаг байна аа 🥺 Гомдоочих вий, өвтгөчих вий, сэтгэлийг нь сэвтээчихвий гэж яагаад жаахан ч гэсэн бодож болохгүй гэж? Магадгүй өөрийгөө хайрлаж чаддаггүй, яаж өөрийгөө хайрлахаа ч мэддэггүй болохоор өөр нэгэндээ тэгж хатуурхдаг юм болов уу? Бусдыг шүүлгүйгээр би ч гэсэн өөрөө өөртөө анхааруулж явна аа гэж бодсон. Яаж ч уурласан уужуу хандахыг хичээнэ ээ. Хэн ч байлаа гэсэн тэр хүн өөр хэн нэгний хувьд үнэ цэнтэй, эрхэм нэгэн нь шүү дээ…
Манай найзын хэлсэн энэ үг надад их таалагдсан. Чи өөрийгөө 10 хувь хайрладаг бол хэн нэгэн чамайг 20 хувь л хайрлахад тэр нь чамд хангалттай юм шиг санагдана. Гэхдээ бид чинь бүгдээрээ 100,200 хувь хайрлаж, хайрлуулах эрхтэй шүү дээ. Харин чи өөрийгөө 100 хувь хайрлахад, өөр нэгэн чамайг магадгүй 200, 300 хувь хайрлаж байж хангалттай санагдана…
Бид цөмөөрөө аав ээжийнхээ, найз нөхдийнхөө энэ хорвоо дээрх хэн нэгний хувьд үнэ цэнтэй нэгэн. Тиймээс өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч өөртөө хайртай байгаарай. Нөгөөтэйгүүр, өөр бусад ч гэсэн бидэнтэй л адил хүн учраас тэднийг ч гэсэн хайрлаж, үнэ цэнийг нь мэдрүүлдэг, хүндэлдэг нэгэн байгаарай.
