Уг нь тэмдэглэлийн дэвтэр миний сайн найз л даа
Уг нь тэмдэглэлийн дэвтэр миний сайн найз л даа. Дотор давчдаад хэнд ч хэлж чадахгүй зүйлээ бүгдийг нь бичиж хуваалцдаг болохоор.
Хэнд ч хэрэггүй зүйлүүд зөндөө бичсэн ч гомдоллохгүй бас шүүмжлэхгүй намайг сонсдог учраас тэр юм болов уу. Хүнд өдрийн дараа дэвтрээ гаргаад бичихээр бага ч гэсэн сэтгэл онгойх шиг болдог. Гэхдээ бичихээс ч аймар, бичих үедээ дахиж сөхөж бодно гэхээс сэтгэл өвдөж, зүгээр л зугтаамаар тийм үе байдаг юм байна…
Манай ээж дандаа хэлдэг байсан. Хүүхэд нас хамгийн сайхаан гэж… Тэр үед би дотроо том болох л гоё шүү дээ, хүссэн бүхнээ хийж чадна гэж боддог байж билээ. 19нас. Хангалттай том болоогүй ч гэсэн би одоо үнэн сэтгэлээсээ ээжийн хэлсэнтэй санал нэг байна. Хүүхэд, хүүхэд нас л хамгийн сайхан байж. Том болох тусам, амьдралд биеэ даах тусам айдас нэмэгдээд байх шиг. Хүмүүс харгис хүйтэн мэдрэгдэж байна. Би ч гэсэн ялгаагүй ээ. Харин бага байхад хүн бүхэн надад сайн хүн шиг санагддаг байсан. Асуудал бүхэнтэйгээ өөрөө нүүр тулахаас бас айж байна. Дахиад гарч ирэх тэр олон асуудлууд бүр ч аймар санагдаж байна. Даваад гарахдаа би би-гээрээ үлдэж чадах болов уу… Тэр олон урам хугаралт, сэтгэл өвдөлтийг тэсч чадах болов уу? Бас би өөрөө хүссэн эсвэл хүсээгүйгээр хэр олон хүмүүсийг гомдоож өвтгөх бол гэхээс л. Гэхдээ өөртөө хүсдэг бүх сайхан зүйлийг би бусдад хүсэхийг хичээнэ ээ. Надад хэзээ ч битгий тохиолдоосой гэж боддог муу муухай тэр зүйлсүүдийг би бусдад хэзээ ч хийхгүй гэж өөртөө амлаж байна.
Бороо, борооны дараах үнэр, шинэ ном, тоглоом, захиа гээд дуртай бүхнээсээ авдаг байсан тэр мэдрэмжүүд одоо надаас улам л холдоод байгаа бололтой. Зарим хүмүүс шиг хүйтэн харгис болохыг хүсэхгүй байна. Би би-гийнхээ жаахан хэсгийг ч болов хадгалж үлдмээр байна…
Заза өөр ч тэгээд ойрын үед их л бодох боллоо. Юу ч туулж яваа юм билээ нэгэндээ зөөлөн хандаж байгаарай 😔Бас бусдыг жаргалтай болгох үгэнд битгий харам байгаарай. Аан тэгээд сүүлд нь өөрийн зовлон өөртөө л хүнд шүү. Харьцуулаад байх хэрэггүй.
