No matter how good you are, You can always be replaced…
No matter how good you are, You can always be replaced…
Энэ эшлэлийг уншаад, хамгийн түрүүнд санаанд орсон нь:
“ Энэ хүнгүйгээр л амьдарч чадахгүй дээ гэж бодож байсан хүнгүйгээр илүү дээр амьдрах үедээ чи баяртай гэдэг үгэнд баяр оршиж байсныг мэдэх болно” гэдэг дээ. Энэ л санаанд буулаа.
Заримдаа бид хэн нэгэнгүйгээр амьдарч чадахгүй юм шиг санадаг. Аав ээж, найз нөхөд, хайртаасаа эхлээд л. Энэ хүн л байхгүй бол амьдрал нь орвонгоороо эргэж, цаашид хорвоог туулах аргагүй болчих юм шиг боддог. Тэдэнгүйгээр амьдралынхаа нэг хормыг ч төсөөлөхийн аргагүй мэт. Гэхдээ үнэн гэвэл орлогддоггүй хүн гэж байхгүй бололтой. Хамгаас хайрласан нэгэн чинь чамайг орхисон ч чи өөр нэгэнтэй амьдарсаар л байх болно. Тэр хүн байхгүй болсон ч чи дахин жаргалтай байж чадах болно.
Нөгөөтэйгүүр, чи ч мөн адил өөр бусдаар орлогдох л болно. Чиний ямар үзэсгэлэнтэй, ухаалаг байх нь хамаагүй. Хорвоо дээр үргэлж илүү дээр сонголт байж л байдаг. Ажил дээр ч , хүмүүс хоорондын харилцаан дээр ч чамаас илүү нэгэн хэд мянгаараа байгаа гээч. Энгийн юм шиг боловч, хүмүүс үүнтэй тийм ч амархан эвлэрч хүлээн зөвшөөрч чаддаггүй. Орхиод явсан ч үлдсэн нэгнийхээ хувьд урьдынх шигээ орон зайг нь эзлээд, орлогдуулалгүйгээр тэндээ байж л байхыг хүсдэг битүүхэн шуналтай. Гэхдээ чамаар л дутаж, нулимс цийлэгнүүлж байсан тэр хүн нэг л өдөр өөр нэгэнтэй аз жаргалтай гэгч нь инээлдэн суух л болно.
Тэгэхээр чи ямар ч мундаг байлаа гээд энэ олон дунд чамаас илүү нэгэн заавал байх л болно. Тиймээс битгий их хичээ, битгий их залхаа. Бүх зүйл төгсгөл нь юм шиг аашлах хэрэггүй дээ.
Хүн бол орлогдож болох юм байна. Харин мэдрэмж гээч зүйл орлогдохгүы ээ. Бид бүгдээрээ эн тэнцүү гэхдээ ижилхэн биш. Чамаас илүү ч хүмүүс олон, дутуу ч хүмүүс олон. Гэхдээ яг чам шиг нэгнийг хайгаад олохгүй. Чиний хайрлаж байсан нэгнийг чиний эзгүйд өөр нэгэн нь чамаас илүү хайрлаж, жаргалтай байлгаж болох ч гэлээ чиний түүнд мэдрүүлсэн мэдрэмжүүдийг тэр мэдрүүлж чадахгүй. Учир нь яг тэр мэдрэмжийг өгч чадах хүн дэлхий дээр ганц чи л учраас… Ай, мэдрэмж гэж ийм л нандин зүйл шүү 🤍
Хүн нь орлогдож болох ч мэдрэмж нь үгүй болохоор л нандигнах хэрэгтэй юм шүү дээ…
