Уйтгар гуниг чиний тав тух болох үед

Уйтгар гунигийн mухай бодол (Түүний)


Шалтгааныг нь тайлбарлахгүй ч уйтгар гуниг хүнд байж болшгүй, байх ч ёсгүй сэтгэл хөдлөл шиг санагддаг байлаа. Уйлж байгаа хүн, уйтгарлаж гуниглаж байгаа хүнийг харахаар сул дорой санагддаг байсан болохоор. Хэн ингээд ч миний толгойд оруулчихсан юм бүү мэд.

Уйтгар гэдэг уг нь зүгээр л түмэн олон мэдрэмжүүдийн нэг. Түүнийг тэгтлээсээ онцгойлж нуун далдлах хэрэг юунд байдаг юм бол. Эрэгтэй хүн уйлах ёсгүй ч гэх шиг.
Уйтгар чиний найз болох үед

Өөрөөсөө сөрөг мэдрэмжүүдээ холдуул, эерэг бай, эерэг хүмүүст бүх хүн дуртай байдаг гэнэ. Гэвч бид хичнээн зугтсан ч замын үзүүрт яалт ч үгүй учрах нь тодорхой. Хар усаар угаалаа ч, харийн бодисоор аргаллаа ч бид хэзээ ч зугтаж чадахгүй нь үнэн. Хааяадаа бид уй гунигаа хүлээн авч хажуудаа суун ярилцаж үзэх хэрэгтэй ч юм шиг.
Уйтгар гуниг чиний тав тух болох үед

Ажлын өдрийн өглөө арван хоёрыг заатал орондоо шигдэж өнгөрснөө эргэцүүлэх нь энэ дэлхийд амсаж үзэх сайхан мэдрэмжүүдийн нэг гэлтэй. Залхуудаа ч биш л дээ, цээжний гүнд хуралдсан мэдрэмжүүдээ эвлэрэн суух нь амар биш ч аятай тухтай санагдана. Өөрийгөө юмсын сайн сайхан талыг харахгүй байгаадаа буруутгах ч тохиолдсон бүртээ талархаад суух тоомжиргүй алиалагч биш шүүдээ би. Чи үүнийг хүртэх эрхгүй байсан гэж өөрийгөө аргадах нь өөрийгөө үзэн ядан байж ахиад хичээхээс эрүүл санагдаж байна. Ядаж л би өөрийнхөө талд байна шүү дээ.

Хааяа боддог юм, Италийн алдарч зураач Леонардо Да Винчи, сонгодог зохиолч Фёдор Достоевский, та бидний сайн мэдэх Франц Кафка эрхмүүд бүгд л амьдралынхаа туршид уй гунигаараа онгодоо хөлөглөж бүтээлээ туурвисаар байсан гэдэг. Иймийн учраас л эгэл хүмүүний очилгүй насыг бардаг тэрхүү хилийг давсаар байдаг юм болов уу.

Өөрийгөө тэдэнтэй зүйрлэх гэсэнгүй ээ, өөрийнхөө гүнд орших тэр нэгэн хувилбартайгаа уй гунигаараа дамжуулан уулзах юм сан



Popular posts from this blog

3 дугаар сарын тэмдэглэл

“Хүн байх эрхгүй”

Уг нь тэмдэглэлийн дэвтэр миний сайн найз л даа